КОВИД ТОЙМ I Дотоодын халдвар 27, нийт 440 боллоо

0
18

ЭМЯ-наас мэдээлсэн коронавирусний халдварын дотоод дахь нөхцөл байдлын мэдээлэл.

(2020.11.17, 18:00 цагийн байдлаар)

2020 оны арваннэгдүгээр сарын 16-17-ны өдөр нийт есөн хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 440 боллоо.

Тодруулбал,

Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины 2 жолооч болон 5 иргэнээс
Дархан-Уул аймгийн нэг иргэн
Улаанбаатарын голомт буюу жолоочийн ахын 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв

Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн, хариу арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 18.00 цагийн байдлаар

Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д 7, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 1, нийт 27 тохиолдол бүртгэгдээд байна.

Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн.

Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулна.

Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн, 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамрууллаа.

Хэнтий аймгийн сэжигтэй 10, Ховд аймгийн хоёр тохиолдолд хийсэн шинжилгээний эцсийн хариу сөрөг гарсан.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр халдвар тархах эрсдэл үүсч байгаа учир иргэдийг аль болох гэртээ байхыг санууллаа.

Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр эх орондоо ирэх хүсэлтэй 3800 гаруй хүн байна. Эдгээрийн 3000 нь БНСУ, 250 нь Европын Холбооны Улс, үлдсэн нь бусад улсад байгаа гэсэн судалгаа гарчээ.

Тасалбараа авсан, тусгай үүргийн нислэгт багтахаар явж байгаад замдаа өөр улсад саатсан зэрэг шалтгаантай иргэдийн судалгааг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахаар төлөвлөж байна.

КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.17)

  • НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ – 440
  • Зөөвөрлөгдсөн – 413
  • Дотоодод бүртгэгдсэн буюу нийтийн дунд тарсан халдварын тоо – 27

УЛААНБААТАР (ЖОЛООЧ Д-ын хавьтал) – 10

  • Ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
  • Жолооч, эхнэр 2-ын ойрын хавьтал болох ээж, хадам дүүгээс 2020.11.11-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн дүүгийн ойрын хавьтал нэг оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн 4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд халдвар илэрлээ.
  • Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд халдвар илэрлээ.
  • Жолоочийн төрсөн ахын гурав дахь шинжилгээнээс 2020.11.17-нд халдвар илэрлээ

ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД – 7

  • Эхний халдвар Сэлэнгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илэрсэн.
  • 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
  • 2020.11.14-нд ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нийт долоон хүн халдвар авсан.

СЭЛЭНГЭ, ДАРХАН (Төмөр зам дагасан халдварууд) – 10

  • Эхний тохиолдол аймгийн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илэрсэн.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүгээс халдвар илэрснийг 2020.11.16-нд зарлав. (70 настай эмэгтэй эмнэлгээр үйлчлүүлсэн)
  • Дархан-Уул аймгийн нэг иргэнээс (32 настай, эмэгтэй) халдвар илэрснийг 2020.11.17-ны 17:00 зарлав.
  • Сэлэнгэ аймагт 5 хүнээс халдвар илэрсэн тухай ЭМЯ 2020.11.17-ны 18.00 цагт зарлав.

“ЭНХСАРАН” СУВИЛАЛ – 45 (Зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа)

(Жолооч Д тус сувилалд тусгаарлагдаж байсан)

Анх 2020.11.07-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Бүх хавьтагчид тусгаарлалтад байсан.

2020.11.06-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн халдвартай гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

2020.11.16-нд “Энхсаран” сувиллын үйлчлэгчээс халдвар илрэв. Халдварын тоо нэмэгдсээр одоогоор нийт 45 тохиолдол “Энхсаран” сувилалтай холбоотойгоор бүртгэгдээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here